Нарийвчилсан үнэлгээ

1. Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн төлөв байдлын судалгаа

Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн төлөв байдлын судалгааны зорилго нь аливаа төслийн үйл ажиллагааг эхлэхээс өмнө байгаль орчны одоогийн төлөв байдлыг болон, тухайн нутаг дэвсгэрийн нийгэм,эдийн засгийн нөхцөлийг тодорхойлоход оршино.
Байгаль орчны өнөөгийн төлөв байдлын судалгаагаар байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг болох уур амьсгал, агаарын чанар, хөрсөн бүрхэвч, түүний элэгдэл, эвдрэл, бохирдлын түвшин, гадаргын болон газрын доорхи усны нөөц, чанар, ургамлан нөмрөг, амьтны аймаг, археологи, түүх соёлын дурсгал зэргийг тодорхойлно. Байгаль орчны төлөв байдлын судалгаагаар тодорхойлогдсон үр дүн нь төслийн цаашдын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай суурь мэдээлэл болох ба байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөр зэргийг боловсруулахад ашиглагдах болно.
 

2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ (БОНБНҮ)

Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ гэдэг нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах, арга хэмжээг тодорхойлох буюутөлөвлөж буй төсөл хөтөлбөрийн байгаль орчинд учруулж болзошгүй болон сөрөг нөлөөллийн үнэлгээ ба түүнийг нөхөн сэргээх цогц үйл ажиллагаа юм. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ нь дараах үнэлгээнээс бүрддэг. Үүнд:
1. Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ (Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хийнэ).
2. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ (Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг эрх бүхий дотоодын аж ахуйн нэгж гүйцэтгэдэг). Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд дараах асуудлуудыг тусгасан байна. Тухайлбал:

• БОНБНҮ хийж байгаа төслийн тодорхойлолт, танилцуулга;
• Төслийн байгаль орчинд нөлөөлөх байдал, түүний үнэлгээ (уур амьсгал, агаарын чанар, газрын гадарга, хэвлий, хөрсөн бүрхэвч, гадаргын болон газрын доорхи усны нөөц, чанар, ургамлан нөмрөг, амьтны аймаг, түүх соёлын дурсгалт зүйлс эд нөлөөлөх байдал үнэлгээ, нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээ)
• Нийгэм, эдийн засагт нөлөөлөх байдал үнэлгээ;
• Төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөлөл, нөлөөллийг бууруулах арга хэмжээний зөвлөмж;
• Төслийн эрсдлийн үнэлгээ, менежмент;
• Төслийн хаалт, нөхөн сэргээлт, экологи-эдийн засгийн үнэлгээ;
• Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө;
• Байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөр;
• Эрх зүйн орчин;

Манай компани нь БОНБНҮ-ний тайланг боловсруулахдаа “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” Монгол Улсын хуулиуд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар баталсан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан заавар”, “Байгаль орчны хохирол, нөхөн төлбөр тооцох аргачлал”, “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал”, “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх ажлын зардал тооцох аргачлал” болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх талаар Дэлхийнбанк, Азийн Хөгжлийн Банк болон Ази, Номхон далайн орнуудын Нийгэм, эдийн засгийн зөвлөлөөс боловсруулан гаргасан удирдамжуудыг мөрдөн ажилладаг.

3. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө ба орчны хяналт шинжилгээний хөтөлбөр

1.    Байгаль хамгаалах төлөвлөгөө

Төслийн байгаль хамгаалах төлөвлөгөө гэж байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг багасгах, арилгах арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг тусгаж аж ахуйн үйл ажиллагаанд мөрдлөг болгохыг хэлнэ. 
Ач холбогдол: Төслийн үйл ажиллагааны чиглэл, хүчин чадлаас хамааран байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь өөр хоорондоо ялгаатай байдаг. Төсөл хэрэгжүүлэгч байгаль хамгаалах төлөвлөгөөтэй байснаар дараах давуу талуудтай байна. Үүнд:
     Төслийн зүгээс байгаль хамгаалах арга хэмжээ нь тодорхой төлөвлөгөө, тогтоосон өртөгтэй байна.
     Жил болгон үйл ажиллагаандаа хяналт тавьж холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудад тайлагнаж байх нь төсөл тогтвортой хэрэгжихэд чухал үүрэгтэй юм. 

Байгаль хамгаалах төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд:

     Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний ажлаар тодорхойлогдсон болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах төлөвлөгөө боловсруулах;
     Энэхүү ажилтай холбогдох арга зүйн зөвлөгөө өгөх;
     Орчны бүрэлдэхүүн хэсэг болох агаар, ус, хөрснөөс дээж авч гадаад, дотоодын итгэмжлэгдсэн лабораториудад шинжлүүлэн тус шинжилгээний хариуг боловсруулж төсөл хэрэгжүүлэгчийн өмнөөс холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудад танилцуулах зэрэг ажлуудын зохион байгуулах.

2.    Орчны хяналт шинжилгээний хөтөлбөр

Төсөл хэрэгжсэнээр байгаль орчны төлөв байдалд үзүүлж буй өөрчлөлтийг хянах, шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах,түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр, шаардагдах хөрөнгө, зардал,хугацааг тодорхойлохыг орчны хяналт шинжилгээний хөтөлбөр хэлнэ. Хөтөлбөрийн зорилго нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр тогтоогдсон сөрөг нөлөөллийг тодорхой хугацааны давтамжтай хянах, тайлагнах, бууруулах, арилгах арга хэмжээ авах хөтөлбөр боловсруулахад оршино. 
Тухайн хөтөобөр нь төслөөс хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах болон төслийн үйл ажиллагаанд дараах ач холбогдолтой:
•    Байнгын хяналт шинжилгээ хийснээр төслөөс орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг эрт үед нь илрүүлэх;
•    Тухайн илрүүлсэн сөрөг нөлөөллийг үндэслэн тодорхой цаг хугацааны дотор байгаль хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах;
•    Хяналт шинжилгээний хөтөлбөрийг тогтмол хийлгэн төр захиргааны байгууллагууд болон төсөл хэрэгжих орон нутгийн оршин суугч, иргэдэд танилцуулж байх нь төслийн цаашид тогтмол хэрэгжих нөхцлийг бүрдүүлэх юм. 
3.    Химийн бодис ба эрсдлийн үнэлгээ, менежент
Ойлголт: Эрсдлийн үнэлгээ – гэж химийн хорт болон аюултай бодис, тэдгээрийн нэгдэлтэй харьцах явцад хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг судлан тогтоож, үнэлгээ өгөх, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах талаар авах арга хэмжээг тодорхойлохыг хэлнэ. 
Зорилго: Төслийн үйл ажиллагааны чиглэл, хүчин чадал, цар хүрээнээс хамааран ашиглагдах өөр өөр шинж чанартай химийн хорт болон аюултай бодис болгоны болзошгүй эрсдлийн үнэлгээг хийж цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлэхэд зөвлөгөө өгөх. 
Ач холбогдол: Химийн хорт болон аюултай бодисын эрсдлийн үнэлгээ хийлгэснээр төсөл хэрэгжүүлэгчид хэд хэд чухал ач холбогдолтой.Үүнд:
•    Төсөлд шаардлагатай химийн хорт болон аюултай бодисыг импортлох, ашиглах, худалдах, үйлдвэрлэх г.м үйл ажиллагаанд холбогдох төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авах;
•    Тухайн бодисын шинж чанар, хор аюулын талаар мэдлэгтэй болж болзошгүй эрсдлийг багасгах, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ авах
•    Химийн хорт болон аюултай бодист түлэгдэх, хордох, асгарч гоожсоны улмаас орчин бохирдох гэх мэт сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зэрэг ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. 
Хийгдэх ажил: Химийн хорт болон аюултай бодисын эрсдлийн үнэлгээгээр доорх ажлуудыг хийнэ. Үүнд:

•    Хүн амын эрсдлийн үнэлгээ
•    Аюулыг үнэлэх
•    “Тун-хариу үйлчлэл”, “тун-нөлөөлөл”-ийн харьцааг тодорхойлох
•    Өртөлтийн үнэлгээ хийх
•    Эрсдлийн шинж чанарыг тодорхойлох
•    Байгаль орчны эрсдэлийн үнэлгээ
•    Өртөлийн үнэлгээ хийх
•    Нөлөөллийн үнэлгээ хийх
•    Эрсдлийн шинж чанарыг тодорхойлох
•    Эрсдлийг үнэлэх ба бууруулах арга хэмжээг тогтоох
•    Хаягдлыг хоргүйжүүлэн устгах арга замыг тодорхойлох
•    Экологи-эдийн засгийн эрсдлийн үнэлгээ
•    Хувь хүнд учруулах эрсдлийг тодорхойлох
•    Хүн амд учруулах эрсдлийг тодорхойлох
•    Нийгэмд учруулах эрсдлийг тодорхойлох
•    Экосистемд учруулах эрсдлийг тодорхойлох зэрэг болно.
 

4. Хог хаягдлын менежмент

Хог хаягдал гэдэг хүн төрөлхтөний өдөр тутмын хэрэглээнээс үүсч байдаг зүйл бөгөөд хогийг аль болох дахин боловсруулах юм уу байгаль орчинд хор хөнөөл багатай байлгах нь манай улс орон төдийгүй бусад улс оронд тулгамдаад байгаа асуудлын нэг юм. Манай улсад хогийн төвлөрсөн цэгийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд хог хаягдлыг байгаль орчинд халгүй аргаар зайлуулах, байршуулах, олон улсын жишгээр устгах, зориулалтын байгууламж байхгүй. Манай компани нь үйл ажиллагааныхаа чиглэлийн хүрээнд хог хаягдлыг аль болох багасгах, хатуу хог хаягдлыг дахин боловсруулах эсвэл байгаль орчиндоо халгүй аргаар зайлуулах, нэгдсэн хог хаягдлын системийг бий болгож эрүүл цэвэр орчинг бүрдүүлэх зорилго тавин ажиллах чиглэлээр харилцагчидтайгаа хамтран ажилладаг.
Хаягдал болсон материалын бат бэх чанар, бүтэц зэргээс шалтгаалж задралын хугацаа харилцан адилгүй байдаг.Зарим нь хэдхэн хоногийн дотор байгалийн бүтээгдэхүүн болон задарч байхад нөгөө хэсэг нь хэдэн зууны турш задралгүй хадгалагдаж байдаг. Хэрэв бид хаягдал материалын задарч, ялзрах хугацааг мэдэж чадвал олон жилийн турш задралгүй хадгалагддаг материалын хэрэглээг багасгах замаар байгал орчноо сүйтгэхгүй, цэвэр байлгаж чадна. Дэлхий зөвхөн бидэнд бус мөн бидний хойч үе, үр хүүхдэд ч харьяалагдах тул эх болсон байгаль дэлхийгээ хамгаалах нь бидний үүрэг юм.
Зарим хог хаягдлын задрах хугацаанаас жишээ татвал:

• Тамхины үлдэгдэл (3 сар орчим)
• Бохь (ойролцоогоор 5 жил)
• Цаас (ойролцоогоор 3 сар)
• Мод (ойролцоогоор 15 жил)
• Хуванцар сав (100-1000 жил)
• Хуванцар карт (1000 жил орчим)
• Шилэн лонх (задралын хугацаа 4000 жил орчим)
• Хөнгөн цагаан лааз (10-100 жил)

Хог хаягдлын дотоод сургалтын материал

Тусгай зөвшөөрөл

Компаний үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөл Бид байгаль орчны судалгаа, үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах Төрийн Захиргааны төв байгууллагын албан ёсны зөвшөөрөл бүхий мэргэжлийн компани юм.