Үйл ажиллагаа

Манай компани нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийхээс гадна нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулах болон нөхөн сэргээлтийг хийдэг.

Газрын нөхөн сэргээлт гэдэг нь эвдэрсэн газрын аж ахуйн үнэ цэнэ, бүтээмжийг нь сэргээх, тэрчилэн хүрээлэн буй орчны нөхцөлийг нийгмийн ашиг сонирхолд нийцүүлэн сайжруулах цогц арга хэмжээг хэлэх бөгөөд холбогдох хууль, дүрэм стандартыг баримтлан ажилладаг.

1. Эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн бэлтгэл ажил:

 Өнөөгийн байдлаас харахад ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулахдаа нөхөн сэргээлтийн урьдчилан боловсруулсан төсөлгүй байх, нөхөн сэргээлтэд ашиглах үржил шимт хөрсийг тусад нь овоолгод хадгалж нөөцлөөгүй зэргээс шалтгаалан нөхөн сэргээлтийн ажил төдийлөн үр дүнтэй болж чаддаггүй. Ийм учраас тухайн нөхцөл байдалтай уялдуулан нөхөн сэргээлтийн ажил хийх дарааллыг нарийвчлан авч үзэж, тодорхой болгох шаардлагатай байгаа бөгөөд үүнд нөхөн сэргээлтийн бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай.

2. Уул уурхайн үйл ажиллагааны явцад эвдэрсэн хөрсийг нөхөн сэргээх:

Уулын ажлаар эвдэрсэн газар нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдэг эх үүсвэр болдог тул ашиглаж буй уурхайн болон ойролцоох газар нутгийн хамрах хүрээг тодорхойлох хэрэгтэй. Ордыг далд аргаар ашиглах нь ил аргаар ашигласан шиг их хэмжээний эвдрэл, ландшафтын өөрчлөлт үүсгэдэггүй бөгөөд ер нь уурхайн ашиглалтын аргаас хамаарч, байгаль орчинд учруулах нөлөөлөл нь янз бүр байдаг. Тиймээс нөхөн сэргээлт харилцан адилгүй хийгддэг.

3. Техник болон биологийн нөхөн сэргээлт:

Нөхөн сэргээлтийн ажлын техникийн үе шатанд, орд газрыг ашиглаж дууссаны дараа уурхайн чөлөөлөгдсөн орон зайг цаашид аж ахуйн үйл ажиллагаанд үргэжлүүлэн ашиглах зорилгоор бэлтгэх арга хэмжээнүүдийг хэлдэг.Нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны техникийн үе шат бүрэн дуусч, овоолгын болон талбайн хөрс чулуулаг тогтворжиж, нягтарсны дараа овоолгод хадгалж байсан үржил шимт хөрсийг эргүүлэн байршуулах замаар эвдэрсэн газрын биологийн нөхөн сэргээлтийг эхлэнэ.

4. Хөрсөнд хучилт хийх хөрсийг сайжруулах:

Хучилт хийх хөрс нь нөхөн сэргээлт хийсэн газарт ургамал ургах тохиромжтой орчин болох ба энэ нь түүний шинж чанараас хамаарна. Ургамал ургах илүү сайн орчин бүрдүүлэхийн тулд уул уурхайн ашиглалт явуулах газарт шимт, хөрс, шимэрхэг хөрсийг тусд нь хуулж, хадгалах нь чухал. Хучилт хийх хөрсний зузаан нь хуулсан шимт хөрсний нөөц, ургамалжуулалт зэргээс хамаарна. Үндэслэг иш ихтэй мод, бут тарих газарт хөрс зузаан байх хэрэгтэй. Ерөнхийд нь авч үзвэл, өвслөг ургамлын үндэсний гүн 15-20 см, бутлаг ургамлынх 30-40 см, дундаж өндөртэй модных 50 см, модных 60-100 см байж болно.

5. Нөхөн сэргээсэн газрыг хамгаалах, хяналт тавих гэх зэрэг ажилуудыг захиалагч компаний үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан хийж гүйцэтгэдэг.

Уурхайн хаалтын төлөвлөлт ба нөхөн сэргээлт
Уурхайн хаалтын төлөвлөлт
Уурхайн хаалтын төлөвлөгөөг экологийн тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд хаалт, нөхөн сэргээлтийн зорилго зорилтуудаа тодорхойлон боловсруулах шаардлагатай. Үүнд:

1) Хойч үедээ экологийн тэнцвэртэй байдлыг үлдээх, хадгалах
2) Бохирдуулагч төлөх ёстой зарчмыг баримтлах
3) Биологийн төрөл зүйлийг хамгаалах
4) Экосистемийн бүрэлдэхүүн хэсгүүдийн харилцан хамаарал, холбоо, тэнцвэрт байдлыг хадгалах

Уурхайн хаалтын төлөвлөлт нь дараах үндсэн 4 зорилтыг хангасан байх шаардлагатай. Үүнд:

1) Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд халгүй байх
2) Байгаль орчинг бохирдуулахгүй байх, байгаль орчны нөлөөллийг бууруулах
3) Уурхайн хаалтын дараа тогтвортой, бохирдолгүй газрыг үлдээж, газрыг эргэлтэд оруулах, газар ашиглалтыг удаан хугацаагаар явуулах боломжийг бий болгох
4) Уурхайн үйл ажиллагаанаас бий болсон нийгэм, эдийн засгийн үр өгөөжийн ирээдүйн тогтвортой байдлыг хангах
Төлөвлөлтийн үе шатууд

Уурхайн хаалтын төлөвлөлт нь үндсэн 3 үе шаттай байна.

1) Conceptual closure planning – Уурхайн хаалтын урьдчилсан төлөвлөгөө. Уурхайн хаалтын урьдчилсан төлөвлөгөө нь хайгуулын ажил хийж эхлэхтэй зэрэгцэн төлөвлөгдөх шаардлагатай ба уурхайн үйл ажиллагаанд хөндөгдсөн талбайг дахин ашиглахгүй болсон тохиолдолд нөхөн сэргээлтийг цаг алдалгүй хийх төлөвлөгөөг боловсруулах явдал юм.
2) Detailed closure planning – Уурхайн хаалтын нарийвчилсан төлөвлөгөө. Уурхайн хаалтын нарийвчилсан төлөвлөгөө нь уурхайг барьж байгуулах, ашиглалтад оруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг уурхай ажиллах бүхий хугацааны туршид уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг шинэчлэх зэргээр нарийвчлан төлөвлөгдөж байх шаардлагатай. Уурхай хаагдсаны дараа хийгдэх хяналт шинжилгээний хөтөлбөр, түүний шалгуур үзүүлэлтүүдийг хаалтын төлөвлөгөөний нэг хэсэг болгон авч үзнэ. 
3) Post closure monitoring – Уурхайн хаалтын дараах хяналт шинжилгээний хөтөлбөр хэрэгжүүлэх. Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэсний дараа экосистемд үзүүлж байгаа нөлөөлөл, байгалийн унаган төрхөндөө хэр дөхөж байгаа зэргийг хянах мониторингийн хөтөлбөрийг тодорхой хугацааны туршид тасралтгүй үргэлжлүүлнэ.

Экологийн тогтвортой хөгжлийн зарчмын хүрээнд тухайн уурхай байгаль орчин, эдийн засаг, нийгмийн үүрэг хариуцлагаа биелүүлэх боломжийг хангахын тулд нөхөн сэргээлтийн зорилтуудад болзошгүй байгаль орчны нөлөөллийн тухай оруулж, нөхөн сэргээлтийн шатлалын хамгийн дээд боломжтой түвшинг хангаж, олон нийт, орон нутгийн захиргаа болон холбогдох бусад хууль ёсны сонирхлын бүлгүүд хүлээн зөвшөөрөхүйц байхаар уурхайг хаасны дараах газар ашиглалтыг төлөвлөх хэрэгтэй. 

Нөхөн сэргээлтийн стандартууд:

MNS5914:2008. Эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн нэр томъёо, тодорхойлолт.
MNS5915:2008.Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрын ангилал. 
MNS5916:2008. Газар шорооны ажлын үеийн үржил шимт хөрс хуулалт, хадгалалт. 
MNS5917:2008. Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрын нөхөн сэргээлт. Техникийн шаардлага.
Байгаль орчны болон Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын 2000 оны 64/А/62 дугаар хамтарсан тушаалын 2-р хавсралтын ерөнхий заавар
MNS5918:2008 Эвдэрсэн газрыг ургамалжуулах техникийн шаардлага
MNS5850:2000 “Хөрсний чанарыг үнэлэх” зэрэг Монгол Улсын стандартуудыг мөрдлөг болгон ажиллах хэрэгтэй.

Тусгай зөвшөөрөл

Компаний үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөл Бид байгаль орчны судалгаа, үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах Төрийн Захиргааны төв байгууллагын албан ёсны зөвшөөрөл бүхий мэргэжлийн компани юм.